​Драмын урлагийг дэмжигч “Сансар медиа”групп

11.14 2013

УДЭТ-ынхан дэлхийн алдартай зохиолчдын нэг Мигельде Сервантесын “Кихотноён” жүжгийг тайзнаа амилууллаа.
“ДонКихот”-ыг Испанид 1605 онд ном болгон хэвлүүлж байсан бөгөөд харин Италид 1740 онд анх бүжгэн жүжиг хэлбэрээр тайзнаа тавьж, Францад 1903 онд анх уг зохиолоор кино хийж, ОХУ-д 1939 онд анх Михайл Булгаковын найруулгаа драмын жүжиг болгон тавьж байсан түүхтэй. Тэгвэл 400 гаруй жилийн өмнө мэндэлсэн ч мөнхийн залуу хэвээрээ дэлхийгээр нэг хэрэн хэссэн Кихот ноён зэвсэг агсагч, үнэнч анд Санчо Пансо болон бусад нөхдөө дагуулаад өнгөрсөн баасан гаригт ийнхүү Монголын тайзнаа морилсон юм. Энэхүү жүжгийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар ажиллаж, жүжгийн гол дүр болох Кихот ноёнд гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан тоглож, Кихот ноёны үнэнч туслах болох Санчо Пансогийн дүрийг соёлын тэргүүний ажилтан Г.Амгаланбаатар бүтээсэн юм. Энэхүү зохиол нь Монголд анх удаа драмын жүжиг хэлбэрээр тавигдаж байгаа нь энэ. Тэгвэл “Сансар медиа” групп энэ жүжгийн ивээн тэтгэгчээр ажиллаж, монголчуудынхаа оюунд хөрөнгө орууллаа. Мөн тус жүжгийн нээлтийн үеэр зохиолын гол дүр болох Кихот ноён, Санчо Пансо нарт кабель интернэт үнэгүй хэрэглэх эрхийн бичиг гардуулсан юм.

“Сансар медиа” групп нь соёл, олон нийтийн үйл ажиллагааг ивээн тэтгэх зорилт тавин ажилладаг бөгөөд үүнийхээ хүрээнд кино, жүжиг төдийгүй уран бүтээлчдийг дэмжин ажилладаг. Жишээлбэл, “Хошин шог дуу болон ардын дуу дуулаачдын улсын уралдаан”-ыг “Сансар медиа” групп санаачлан зохион байгуулсаар ирсэн билээ.